2010-10-06
"I M " урандаанс тэргүүн байр

Би бол ялгуусан Баатар



Баатар эр цөхрөлтгүй тулалдсаар байлаа.  Хачин, сонирхолтой, үл
ойлгогдом, туйлбаргүй, нуугдмал, хуурамч ертөнцөд болж байгаа цус
асгаруулсан тулаан. Тэр эцсээ хүртэл үзэхээр шийдсэн ч түүний дайснууд
дэндүү хүчирхэг.

Тэдэн дунд аварга том биетэй, лагс жинтэй, хөдөлгөөн удаан ч асар
их хүчтэй нэг эр байх. Магадгүй баатар эрийн хамгийн том дайсан ч
байж магадгүй. Түүний хүчинд нэг удаа автвал ганцаараа дийлнэ
гэж саналтгүй. Энэ лагс эрийг ЗАЛХУУ гэнэ.

Чөтгөр шиг хурдан хөдөлгөөнтэй, энд тэнд үсчсэн бас нэг эр байх.
Түүнийг угаасаа чөтгөрийн хүү ч гэж ярьдаг, хэн мэдлээ. Лагс эрийг
бодвол хүч багатай ч хурдан шаламгай хөдөлгөөн, хорт сэлэмнийх нь
ирийг басч үл болно. Түүний хаа явсан газар нь гай зовлон сүүдэр
шиг дагаж явдаг. Нэрийг нь ХҮСЭЛ ШУНАЛ гэнэ.

Өөрөөсөө байнга хар утаа савсуулан явдаг нэг эр байна. Уг нь бусдад
гэм хор үл хийн, цагаан үүл хөлөглөн явдаг байсан ч нэгэнтээ
ХҮСЭЛ ШУНАЛтай тулалдан ялагдаж хорт утаа гаргаж явдаг болсон гэх.. 
Хар утаанд нь нэг л автвал хамаг бие баригдан хүлэгдэж, улмаар
өөр шигээ болгож урвуулан авах чадалтай. Түүний нэрийг АТАА ХОРСОЛ гэнэ.
Хорон муу санааны үрийг тарьж явдаг.

Баатар эр эд нартай байнга тулалддаг. Тэр ганцаараа бол хэрхэвч дийлэхгүй биз.
Харин түүнд үнэнч сайн, эрэлхэг чадалтай андууд бий. Тэдний нэг нь
ТЭСВЭР ТЭВЧЭЭР билээ. Тэрбээр тулалдахдаа гаргуун биш ч,
бууж өгөхийг үл мэднэ. Нэгэн удаа ХҮСЭЛ ШУНАЛ Баатар эртэй тулалдан ялж,
хорт сэлмийнхээ ирээр хоолойг нь хэрчихийн даваан дээр ТЭСВЭР ТЭВЧЭЭР
ирэн цээжээрээ хамгаалсан юм гэдэг. Сэлмийн ир түүний цээжинд хүрэв үү
үгүй юу бутран унажээ.

Тэсвэр тэвчээрт нэгэн сайн найз бий. Түүнийг ЗҮТГЭЛ хэмээн нэрийднэ.
Энэ хоёр нийлбэл асар их хүч чадлыг бий болгоно.  Энэ их хүч чадлаараа
Залхуугийн өмнө бат зогсож чаддаг. Баатар эрийг ЗАЛХУУгийн савраас
тун ч олон удаа аварсан гэдэг. Харин АТАА ХОРСЛын өмнө эдгээр андууд нь
бүгд хүчин мөхөсдөнө. Гэхдээ түүний хар утаанд үл автах нэгэн найз бий.
Тэр бол САРУУЛ УХААН.

Энэ мэтчилэн Баатар эрийн олон олон дайснууд, олон  олон андууд нийлэн
өдөр шөнөгүй тулалдана. Энэ тулаан хэзээ эхэлснийг хэн ч мэдэхгүй, хэзээ
дуусахыг хэн ч мэдэхгүй. Тэд харин хэний төлөө тулалдаад байгаагаа л мэднэ.
Тэр нь баатар эр өөрөө. Баатар эр өөрөө өөрийнхөө ертөнцөд өөрийнхөө
төлөө өөртэйгөө тулалдаж байгаа нь тэр. Магадгүй баатар эр өөрөө ямар ч чадалгүй,
чадваргүй мэт санагдаж болох юм. Гэхдээ баатар эр байхгүй бол ямар ч тулаан болохгүй,
ямар ч анд дайсан байхгүй байлаа.

Амьдрал бол тэр чигээрээ тэмцэл. Харин би энэ тулаанд орж буй жирийн нэг цэрэг.
Юуны төлөө тулалдаж байгаа маань амьдралын минь зорилго. Энэ цусгүй дайнд
бусдыг ялахын тулд өөрийгөө ялах хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл би өөрөө өөрийнхөө дайсан.
Харин миний ертөнцөд болж байгаа тулаан бол жинхэнэ тулаан. Тэр тулаанд ялж байж л
амьдралынхаа тулаанд ялах болно. “Би” байхын учир ердөө л энэ.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax
XopoмFacebookGoogleHi5Санхүү